Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан

1990-ээд оноос манай оронд менежментийн онол, урлагт суралцах үйл явц эрчимжиж  илүү өргөн хүрээнд хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ нь нийгмийн өөрчлөлт, хөгжлийн захиалгад бүх талаар нийцэж, хүмүүсийн амьдрал, ажил үйлсэд тодорхой үр дүнгээ өгч байна.

Харьцангуй богино хугацаанд манай эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүс удирдлагын асуудлаар цөөнгүй бүтээл туурвиж, маргаан мэтгэлцээн өрнүүлж ирэв. Үүний нөлөөгөөр Монгол улсын төрийн болон бизнесийн байгууллагын удирдлагын онол, арга зүй, тэдгээрийн чиг баримжаа мэдэгдэхүйц хэмжээгээр шинэчлэгдэж, хүн төрөлхтний хөгжлийн алхаатай хөл нийлүүлэх хандлага улам бүр мэдрэгдэх боллоо.

Чухам энэ үед Монгол оронд орчин үеийн менежментийн ухааны сургалт, хөгжлийг үндэслэгчдийн нэг, доктор, профессор Д.Цэрэндорж “Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан” хэмээх энэхүү бүтээлээ туурвиж уншигч олондоо өргөн барьж байгаа нь тун бахдууштай. Профессор Д.Цэрэндорж их, дээд сургуульд олон жил багшилж менежментийн сургалт, судалгааны ажлыг манай орны нийгэм эдийн засгийн амьдрал, практиктай нягт холбон эрхэлж ирсэн юмаа.

Түүний шавь нараас төр, нийгмийн зүтгэлтэн, нэртэй судлаач, академич, бизнес эрхлэгч нар олноороо төрөн гарч зөвхөн монголдоо төдийгүй бүс нутагт, олон улсын түвшинд ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нөгөө талаар энэ номын зохиогч шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарт жирийн багш, ажилтнаас тэнхимийн эрхлэгч, захирлаас дэд сайд хүртэл удирдах албан тушаал хашиж иргэний нийгэм, бизнес эрхлэгчтэй ойр дотно хамтран ажиллах замаар удирдахуйн ур чадвар, мэдлэг, туршлага хуримтлуулсан нь энэхүү бүтээлийг туурвих чухал нөхцөл болсон болов уу.

“Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан” ном нь арга зүй, агуулгын хувьд ч, зохиомж бичлэгийн талаараа ч, урьд өмнө манайд гарч байсан менежментийн ном, бүтээлүүдээс ялгарахуйц  болсныг тэмдэглэж байна. Үүний баталгааг зохиогч менежментийн онол, түүх, орчин үеийн хандлагын тухай асуудлыг авч үзэхдээ дан ганц өрнөдөд хүлээн зөвшөөрөгдсөн онол арга зүй, үзэл баримтлалаас гадна дорнын гүн ухаан, Их Монгол улсын түүх, эзэн богд Чингис хааны төрийн үзэл, тэргүүлэхүйн урлагтай холбож өгснөөс харж болно.

Мөн номын бүтэц, зохиомж өрнөдөд хэвшиж тогтсон хэдий ч манайд төдийлөн хэвшээгүй, шинэлэг арга барилаар хийгджээ. Уг бүтээл онол арга зүйн түвшингээрээ нэг сэдэвт зохиолын энтэйн дээр агуулгын хувьд их дээд сургуулийн багш, судлаач, дипломын болон түүний дараах шатны боловсрол эзэмшихийг хүсэгчид, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагч, ер менежментийн ухааныг сонирхон судлагч хэн бүхний эрдмийн ширээн дээр дэлгээстэй байхаар бүтээл болжээ.

Аливаа улс орон, бизнесийн болон төрийн байгууллага өнөөдөртөө болж бүтэж, өөрийн гэсэн байр суурьтай байлаа ч ирээдүйнхээ төлөө санаа тавин шавыг тавьж, шангаа татах ёстойг өнгөрсөн зууны менежментийн эцэг гэгддэг агуу ухаантан Питер Ф.Дракер тэмдэглэжээ. Чухам үүнд л сайн менежмент, зөв бодлоготой байхын утга учир оршино.

Үе үеийн эрдэмтэн судлаачдын зохиол бүтээл, дэлхий дахины шилдэг туршлага, ололт амжилт, сорилт бэрхшээлийг ажиглан судалж монгол түмний зан заншил, сэтгэлгээний онцлог, өнөө цагийн өнгө аясыг харгалзан тусгах үндсэн дээр бичиж туурвисан профессор Д.Цэрэндоржийн “Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан” хэмээх энэхүү бүтээл дээрх эрхэм үйлсийн нэгэн хөтөч болох нь дамжиггүй.



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо