Менежментийн үндэс

Өнөө үед бүх зүйл байнгын өөрчлөлт хөдөлгөөнтэй байна. Олkн улсын тавцан дээр газрын тосны үнэ хэлбэлзэнэ. Бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, технологи солилцох гээд л бүгдэд харилцан тохиролцоно. Улс орны дотоодод бол инфляци, үнийн хөөрөгдөлтэй тэмцэх эдийн засгийн асуудлууд гарна. Байгууллага компанийн хувьд тавьсан зорилгодоо хүрэх хамгийн сайн арга замыг эрэлхийлнэ. Дэлхийд ч бай, улс орны хэмжээнд ч бай, байгууллагын дотор ч бай ажил үүргийг гардан гүйцэтгэх хүнийг хэрхэн удирдан чиглүүлж, ажиллуулснаас эцсийн үр дүн, амжилт шалтгаална. Үүнийг хэрэгжүүлэх нь бүх л түвшний менежер хүний тэргүүн ээлжийн зорилт болой.
Ер нь хүн ажлын байранд туршлага хуримтлуулах нь сайн менежер болоход тустай. Гэхдээ энэ нь цаг их авсан, системтэй бус арга учраас удирдах чадварыг эзэмшүүлэх шилдэг арга биш. Удирдах арга барилд суралцах хамгийн сайн арга бол танхимд заалган суралцаж, түүнийгээ ажил дээрээ хэрэглэн бататгах явдал мөн.
Энэ номын тэргүүн зорилго бол менежментийн тухай суурь мэдлэгийг уншигч танд өгөх явдал мөн. Эхлээд менежментийн мөн чанарын талаар тайлбарлана. Улмаар менежер хүний хийх ёстой ажлын талаар ярилцана. Дараа нь түүний эрхлэх ёстой ажил үүргийг хэсэг болгон авч үзнэ. Энэхүү номыг уншиж судалснаар, менежер хүний үүрэг бол хүнээр юм хийлгэх гэдгийг ойлгож, үүнийг хэрхэн гүйцэлдүүлэх аргыг мэдэх болно. Энэ номын онцлог нь менежментийн тухай аль болох энгийн хэлбэрээр, амьдрал практикийн жишээтэй, сонирхолтой байдлаар бичихийг оролдсонд оршино.
Агуулгын хувьд, зургаан үндсэн хэсэгтэй. Хэсэг бүр нь дотроо бүлгүүдэд хуваагдах бөгөөд бүлэг бүр оршил, дүгнэлттэй. Дээр хэлсэнчлэн эхний хэсэгт менежментийн мөн чанарын талаар авч үзэхдээ түүний хувьсал, хөгжил, орчин цагийн менежерийн хийх ёстой ажлын талаар ярилцана. Номын 2-6 дугаар хэсэгт менежментийн үйл явцын тухай буюу төлөвлөлт, зохион байгуулалт, хүн хүчээр хангах, удирдан чиглүүлэх, хяналт тавих тухай дэлгэрэнгүй оруулсан
болно.
Эдгээр хэсэг бүрт орчин цагийн менежер хүн ямар үүрэг рольтой болохыг тодруулан харуулахыг хичээв. Энэ ном таны мэдлэгт өчүүхэн ч атухай нэмэр болсон бол миний зорилго
биелэх нь тэр.



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо