Нийтэлсэн өдөр: 18/05/2015 Нийтэлсэн: admin Comments: 0

Зууны мэдээ сонины 2015 оны 04-р сарын 22-ний өдрийн 81-рт

Сарлагт овогт  Дагвадоржийн Цэрэндорж.

/Монголын Менежментийн Холбооны тэргүүн,  профессор/

Өнөө цагт эрх мэдэлтэй, хөрөнгө санхүүгийн боломжтой цөөнх нь дураар дургиж, ядуу зүдүү жирийн ард иргэд зовлонгийн хүндийг амсдаг бурангуй ёс эргэн ирж нийгмийн тэгш биш байдал газар авч байгааг мэдэхгүй хүн гэж үгүй. Улс орон тэр чигээрээ, хүн ард айл өрх бараг толгой дараалан дотоод, гадаадын мөнгө хүүлэгчдийн өр зээлэнд дарагдан “зээл бол өр биш” гэдэг захиалгат нэвтрүүлэг, шинжлэх ухааны үндэстэй тайлбараар хүмүүсийн тархийг угаах болов. Энэ бүхнээс гарах авралын ганц од нь “уул уурхай”, “гадны хөрөнгө оруулалт” гэсэн албан ёсны уриа, ухуулга өглөөнөөс үдэш орой болтол мэдээллийн бүх хэрэгслээр урсана. Энэ байдал яваандаа бүрэн эрхт Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрч эхэлснийг үнэнд гүйцэгдсэн эрх мэдэлтнүүд ч төрийн өндөрлөгийн хэмжээнд хариуцлагатайгаар мэдэгдэх болсон нь ард нийтийн айдас жихүүцлийг төрүүлнэ.
Одоо тэгээд яах вэ? Мэдэхгүй… тэгэхдээ нэг бодол байна. Юуны өмнө энэ байдалд хэн нэгнийг, аль нэгэн улс төрийн хүчнийг буруутгахаасаа илүүтэй нөхцөл шалтгааны тухай эхлээд сайн ярилцвал ямарав? Жишээ нь засаглал, засаглалын тогтолцоо. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй” гэсэн ардын мэргэн үгийг санацгаая. Бас “Муу ард түмэн гэж байдаггүй, харин муу удирдагч л гэж байдаг” гэж хэн нэгэн хэлсэн санагдана.
Гэхдээ эргээд сайн бодъё. Тэгвэл муу удирдагч, муу удирдлага хаанаас, яагаад төрдгийм бэ гэж асууж болно. Энэ асуултад тийм амархан хариулж болохгүй ч ямар нэгэн гаж “тогтолцоо” гэсэн ганц үг өөрийн эрхгүй тархи толгойд зурсхийн орж ирнэ. Тиймээ, энэ бол тогтолцооны гажиг. Энэ тухай эртнээс нааш ярьсаар, бичсээр ирсний дотор засаглалын тухай, зөв засаглалын тухай, сайн засаглалын тухай дурдахгүй байхын аргагүй. Бас ардчилсан засаглалын тухай ч багагүй ярьж бичиж, хөөрцгөлцгөөсөн. Бүр сүүлдээ “дүр эсгэсэн ардчилал, хуурамч ардчилал” гэх яриа дэлгэрч эхэллээ. Шинэхэн төрсөн ардчилагчид төдийгүй, 90- ээд онд ардчилсан хөдөлгөөний зарим ахмад зүтгэлтнүүдийн амнаас хүртэл юм л бол хаана, торгоно, шийтгэнэ, гэх үг яриа гарах болсон нь олны сэтгэлийг гонсойлгоно.
Үүх түүх, өв соёлоо эргэн сөхвөөс, монголчууд бид, ардчилсан засаглал гэсэн ойлголт, ухагдахуун гарахаас ч аль эрт, тэр ч байтугай ардын засагтай ч золгохоос бүр өмнө “айлын засаглал”- д шүтэж ахас ихэсээ хүндэлж, айл саахалтаараа цуглан асуудлаа ярилцаж шийдэн, аравт, зуут, мянгат, түмтийн тогтолцоонд багцлагдан хуулийн дор ажиллаж амьдарч ирсэн байх юм. Энэ үед л монголчууд хүчирхэгжин мандаж одоогийнх шиг “эвтэй бол хүчтэй” гэж хоосон уриалах биш, харин “хүчтэй бол эвтэй” гэдгийг дэлхийд сонордуулж байсан түүхтэй. Тэгвэл өнөө үед эрх мэдэлтэй л бол “булаахын шуналд уядаж, эхийгээ суу хэмээн бохирохыг хүчин мэт сэтгэж, эцгээ бос хэмээн зандарснаа төр мэт бодож, бүгдийг хөгийн болговч буруутан нь өөрөө биш болдог” цөвүүн цаг арай л нүүрлээгүй байлтай.
Төр, засаг доороосоо аваад бүр дээшээ хүртэл ард нийтээс сонгогдож байгуулагддаг, ард түмэндээ тайлагнадаг байх нь ардчилсан засаглалын гол шинж гэдэгтэй маргах хүн байхгүй. Харин тэр засаглал нь хэр зөв бодлого боловсруулж түүнийгээ ямар аргаар хэрэгжүүлж байгаа, ард түмэндээ хэр нээлттэй, ээлтэй, авлига хээл хахуулиас хэр зайтай байна вэ гэдэг бол магадгүй түүнээс ч илүү чухал шинж байж болох. Тэгвэл манайд байдал ямар байна вэ?
Юуны өмнө Монгол улсад засаглалын харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай байх голч зарчим сүрхий алдагдаж ирсэн нь нууц бишээ. Өмнөх нийгмийн үед улс төрийн товчоо хэмээх 7 -9 хүний бүрэлдэхүүнтэй, гэхдээ гол төлөв 1, 2 аймаг, сумын төлөөллөөс бүрдсэн байгууллагад улс төрийн бүх эрх мэдэл үндсэндээ төвлөрч байсныг эдүгээ цагт мэдэх хүн цөөрсэн биз. Харин бидний сайн мэдэх УИХ хэмээх 76 гишүүн бүхий хууль тогтоох, төрийн эх барих дээд байгууллага түүнээс зарчмын хувьд юугаараа ялгаатай вэ гэдэг асуудал аяндаа гарч ирнэ.
Ялгаа бий, гэхдээ зарчмын хувьд гэж хэлж байгаад л хэргийн учир оршино. Энэ байгууллагад хэн хяналт тавьдаг юм бэ? Тэр байгууллага хуульд заасан эрх мэдлээ буруугаар хэрэгжүүлбэл хэн түүнд ямар хариуцлага тооцдог вэ? Өнөөгийн эдийн засгийн бэрхшээл, хүндрэлийг хариуцах эзэн гэж байна уу? Их хурлын гишүүд өөртөө болон төрийн бусад өндөр дээд албан тушаалтнуудад халдашгүй байдлын хэм хэмжээг хуулиар олгож байгаа нь хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалттай хэр нийцэж байна вэ? “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн үндсэн хуулийн заалт (Гуравдугаар бүлэг. 20– р зүйл)” засаглалын харилцан тэнцвэртэй, хяналттай байх зарчимтай зөрчилдөж байна уу, аль эсвэл нийцэж байна уу?, ийм жишиг дэлхий дахинд хэр зэрэг элбэг тохиолддог вэ? гэх мэт асуулт ар араасаа цувна.
Энэ бүхнээс үзэхэд үнэндээ эрх баригчдын аргагүйн эрхэнд албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байгаа өнөөгийн эдийн засгийн хүндрэл гэдгийг эдийн засгийн гэхээсээ илүүтэй “эдийн засаглалын” хямрал гэж хэлбэл үнэнд илүү нийцмээр. Хүндрэл цаашдаа хямрал болон гүнзгийрч улс орон тэр чигээрээ өрийн дарамтад орох аюул бодитой нүүрлээд байгаа өнөө цагт түүнийг даван туулах, урьдчилан сэргийлэх дорвитой бодлого гаргах тийм нам улс төрийн хүчин, төрийн зүтгэлтэн нэгээхэн ч гарахгүй байгаа нь харамсалтай.
Улсын нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны хоёр хүүхдийн нэг нь гэр орон, хашаа, гудамжинд “хүмүүжиж”, өвчтэй хүүхдээ тэвэрсэн эхчүүд эмнэлгийн хонгил, шалаар мөлхөх явдал хэвийн үзэгдэлд тооцогдож байна. Зарим сургууль өглөөний харанхуйгаас үдшийн бүрэнхий хүртэл гурван ээлжээр хичээллэсээр удлаа. Ардын хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үүрэгтэй багш, хүний ам нас хариуцсан эмч, эмнэлгийн ажилтнууд дунджаар 300 -400 мянган төгрөгийн цалин авч амьдралаа залгуулж байхад дарга, сайд нар сард дор хаяж 4 -5 сая төгрөгийн цалин хөлс авч жилдээ 10 тэрбум төгрөгийн төсвийг өөрийн үзэмжээр захиран зарцуулна.
Зарим нэг нь эрх мэдэл сүр хүчээрээ далайлган улсын төсвөөр баригдсан эмнэлгийн зориулалттай барилгыг яам тамгын газрын тохилог контор болгон хувиргана. Тэдний тансаглал хэрээс хэтэрч өрөө тасалгааныхаа том бага, тоо хэмжээгээр өрсөлдөөд зогсохгүй өндөр үнэтэй эд хогшил, элдэв тавилгаар гангарч чамирхана. Энэ байдал газар авч, орон нутагт дунд шатны дарга түшмэдүүдийн тоо борооны дараах мөөг адил олширч төрийн албыг төрөл садан, найз нөхдийн алба болгоод зогсохгүй зарим газрын дарга, толгойлогч өөрийгөө 6 – 7 орлогчтой байхыг хэвийн үзэгдэлд тооцно. Өмнө 10-аадхан хүний хийж болгоод байсан ажил албыг 20 хүний хүчээр залгуулах гэж оролдоцгооно.
Тэгвэл үнэхээр эдийн засаг хүндэрч төсөв санхүү хүрэхгүй тийм хүнд байгаа бол төрийн захиргааны энэ олон байгууллага төсвөө танахаас ажлаа эхэлж, олны итгэлийг бага ч гэсэн олж авахаас ажлаа эхэлж яагаад болохгүй гэж?
… Энэ бүхний эцэст, хоёр зүйлийг онцолъё. Эхнийх нь эрх баригчдын зүгээс төрд итгэх ард олны итгэлийг сэргээх талаар цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Итгэлцлийг гоё чамин нэртэй хурал семинар хийснээр, эсвэл хоосон амлаж, уриалж хүсснээр бий болгож чадахгүй. Харин өмнө дурдсанчлан зардал хэмнэх, шударга ёсыг сэргээхэд чиглэсэн санал санаачлагыг ил тод, ойлгомжтой хэлбэрээр үр дүнтэй өрнүүлж хэрэгжүүлэхээс ажлаа эхэлмээр байна.
Гэхдээ үүнээс илүүтэй засаглалын гаж тогтолцоог өөрчлөхөд хамаг анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг нэн даруй хүчингүй болгож парламентын засаглалыг боловсронгуй болгох цогц шийдлийг олох, тухайлбал Улсын Их Хурлыг цөөн мэргэжсэн гишүүдээс бүрдсэн байнгын ажиллагаатай доод танхим, нийт ард иргэд, аймаг сум, орон нутгийн жинхэнэ төлөөлөл болох харьцангуй олон депутатаас бүрдсэн улирлын ажиллагаатай төлөөлөгчдийн Дээд танхимтай болгон өөрчилж засаглалын харилцан тэнцвэртэй, хяналттай тогтолцоог сэргээх хэрэгтэй.
… Удаад, өндөр дээд албан тушаалтнууд хуулиар хамгаалагдсан өөрийн эрх хэмжээ, нийгэм дэх онцгой байр суурийг сайн дураараа хэзээ ч зүгээр тавьж өгөхгүйг өглөө бүр өөртөө сануулж ард олны зүгээс алдагдсан эрх мэдлээ эргүүлэн олж авах, дүр эсгэсэн ардчиллыг устгах, жинхэнэ ардчилсан нийгэмд шилжих, хариуцлагатай, хяналттай засаглалын тогтолцоог бий болгох өргөн олон нийтийн хөдөлгөөн, шахалт санаачлага юу юунаас чухал шаардлагатай байна.
Өнгөрсөн 25 жилийн түүхийг өнөөдрийн өндөрлөгөөс эргэн нэг харвал эрх мэдэлтнүүд ёс суртахууны хариуцлага хүлээн, албан тушаалаасаа огцорч байсан ердөө 2- хон тохиолдол бүртгэджээ. Эхнийх нь эрх баригч нэг намын удирдлага, улс төрийн товчоо ард түмний шахалт шаардлагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон 1990 оны 3 дугаар сар. Дараачийнх нь улсын нууц задруулсан эсэхээ хуулийн байгууллагаар тогтоолгохоо мэдэгдэж Улсын их хурлын гишүүнээс өөрийн хүсэлтээр огцорсон өнөөгийн төрийн тэргүүн Ц. Элбэгдоржийн дахин давтагдаагүй жишээ.
Гэтэл өнөөгийн соёлт ертөнцөд хууль, дүрэм зөрчсөн болон хувь хүний ёс зүйн ямар нэгэн асуудалтай нэр холбогдсон хэн болов ч манайхан шиг өөртөө зориулж хийсэн хуулиараа халхавч хийгээд “үнэнээ тогтоолгоно гээд гүрийгээд” суудаггүй, бараг маргааш нь албан тушаалаа орхидог бичигдээгүй дүрэм үйлчилдгийг хэлэхэд илүүц биз. Үүний учир нь удирдах хүн олон түмний өмнө ичих нүүртэй байж төрийн нэр хүндэд муу нөлөө үзүүлэх аливаа үйлдлээс хол байх ёс жудагт оршдог аж.
Эдийн засгийн хямралт байдлыг даван туулах стратеги бодлогын тухайд гэвэл:

  • Олны итгэлийг олох цаг зуурын шинжтэй бодлого, үйл ажиллагааны зэрэгцээгээр төгрөгийн ханшийн цаашдын уналтыг зогсоохын тулд банкан дахь иргэдийн мөнгөн хадгаламжинд төрийн зүгээс батлан даалт гаргаж арилжааны банкуудыг дампуурлаас сэргийлэх;
  • Зам, барилга зэрэг урт хугацаанд үр өгөөжөө өгөх салбарт оруулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй, газар тариалангийн салбарын бүтээгдэхүүнийг иж бүрэн боловсруулж экспортлох чиглэлд татах татвар, зээл, гааль, төсөв хөрөнгийн зохистой хөшүүрэг бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
  • Малын эм вакциныг дотооддоо үйлдвэрлэх, малыг эрүүлжүүлэх, нүүдлийн мал аж ахуйг хагас суурин, суурин мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх, малын тоо толгойг өсгөх биш, харин түүний таваарлаг чанарыг дээшлүүлж эрчимжүүлэхэд илүү анхаарах;
  • Дан ганц уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэх явуургүй бодлогоо эргэн харж үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжих төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  • Эрчим хүчний салбарт хот суурин газрын цахилгаан, дулааны ахуйн хэрэгцээнд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах бүх төрлийн санал санал санаачлагыг дэмжих, байгаль орчноо хамгаалж нөхөн сэргээх зэрэг асуудлын нэн түрүүнд анхаарах хэрэгтэй байна.

Бодитойгоор авч үзвэл, манай хүн амын бараг талаас илүү хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотын хувьд үндсэн хуулиар баталгаажсан ард иргэдийн өмч хөрөнгийн халдашгүй, дархан байдлыг хангаж, эзэмшил газар, эд хөрөнгө, орон байрыг нь ”гэр хорооллын дахин төлөвлөлт”, “барилгажуулалт” гэдэг боловсон нэрээр халхавчлан булаах, “өөрсдийн” компаниудыг “хот”– оос гэдэг нэрийн дор татвар төлөгчдийн хөрөнгөөс санхүүжүүлэх гэсэн эрээ цээргүй оролдлогоо даруй зогсоож орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт заасныхаа дагуу тэднийг оршин байгаа газраа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, цахилгаан дулаан, цэвэр усаар хангах, бохир усыг зайлуулах инженерийн хэсэгчилсэн байгууламжийг бий болгох ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх нь чухал байна.

Сэтгэгдэл үлдээх