Нийтэлсэн өдөр: 05/11/2020 Нийтэлсэн: Bishrel Ts Comments: 0

Та бүхэнд энэ удаад Монгол улсын гавъяат багш, профессор, Монголын Менежментийн Холбооны тэргүүн Д. Цэрэндоржийн уншсан МЕНЕЖМЕНТИЙН УХААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА лекцийг хэсэгчлэн хүргэж байна.

Монгол хэлнээ “Менежмент” хэмээх нэр томъёоны хэл зүйн эх сурвалж  нь “to manage” гэх  англи үйл үгнээс гаралтай  бөгөөд монголчилбол  чадах, бүтээх, амжих гэсэн утгыг илэрхийлнэ. Ажил хэргийг гүйцэлдүүлэх, асуудлыг шийдэрлэх гэсэн нийтлэг санаа илэрхийлдэг.

Гэвч  улс үндэстний хэмжээнд  төдийгүй, улстөрч, бизнес эрхлэгч,  нийгэм судлаач, тэр байтугай  менежментийн мэргэжилтнүүдийн дунд ч түүнийг өөр өөрийнхөөрөө  ойлгож тайлбарласаар ирсэн нь сонирхолтой.

Ихэнх хүмүүс үүнийг бизнесийн байгууллагын үйл ажиллагааг  илүү үр дүнтэй, үр  ашигтай  болгоход чиглэсэн тогтолцоо гэж ойлгодог байна. Гэтэл зарим нэр хүнд бүхий судлаачид менежментийг заавал бизнестэй холбож үзэх нь буруу, энэ бол ашгийн, ашгийн бус, төрийн болон төрийн бус бүх төрлийн байгууллагад хамтын хөдөлмөрийг зохион байгуулах арга,  хэлбэр гэж үздэг

Дээрх хоёр ойлголтод менежментийг зөвхөн бизнесийн үйл ажиллагаатай холбож үзэх, эсэх талаар л зарчмын шинжтэй зөрүү байгаа боловч байгууллагын үйл ажиллагаатай холбон авч үздэгээрээ нийтлэг байна. Тэгвэл сүүлийн үед менежментийг зөвхөн хамтын хөдөлмөр, бизнесийн болон байгууллагын үйл ажиллагаатай холбон авч үзэж ирсэн энэхүү сонгодог ойлголт зарим талаар хэт өрөөсгөл, асуудлын голыг олохгүй байна гэж үзэх хандлага газар авч өөрийн менежмент буюу өөрийгөө засах, өөрийгөө нээх, өөрийгөө хөгжүүлэх асуудал тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үздэг судлаач, мэргэжилтнүүдийн бий болжээ.

Энэ бүхний эцэст, менежмент гэдэг нь зөвхөн бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ухагдахуун, судлагдахуун гэхээсээ илүүтэй бүх хувь хүний үйл хөдлөл, ахуй амьдрал, ажил үйлсээс аваад улс нийгэм, даян дэлхийг хамарсан өргөн хүрээтэй ойлголт гэж үзэхээс өөр аргагүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл, менежментээс ангид, хамааралгүй асуудал байхгүй гээд хэлчихвэл нэг их хэтийдсан хэрэг болохгүй мэт.

Менежментийн сэтгэлгээний хувьсал ба түүх

Хүн төрөлхтөн хэзээ, хаана, яаж үүссэнийг одоо хэр шинжлэх ухааны аргаар бүрэн тогтоож, нотолж хараахан чадаагүй байгаа бололтой. Энэ тухайд олон таамаг байгаагийн дунд “Sapiens: A Brief History of Humankind”    Bestseller номын зохиогч Yuval Noah Harari –н үзэж байгаачлан хүн төрөлт зүйл үүсээд 2.4 сая жил болсон бөгөөд ухаант хүмүүн /homo sapiens/ одоогоос 70 мянган жилийн тэртээ Африк тивд амьдарч байсан гэж үздэг. Хийсвэрлэн сэтгэж, нийтлэг ойлголт төсөөллийн хүрээнд хоорондоо холбогдон хоршиж, хамтрах чадвар эзэмшснээрээ бусдаас ялгарч, сорилт бэрхшээлийг даван хөгжлийн өнөөгийн өндөрлөгт хүрч дэлхий ертөнцөд ноёрхох болсон байна.

Ухаант хүмүүний ялгагдах гол чанар  нь тэд ганц нэгээрээ, эсвэл хэсэг бүлгээрээ хамтран амьдрахдаа   ямагт  өөрийн гэсэн бодол эрмэлзлэл, хүсэл  тэмүүлэлтэй байж түүндээ хүрэхийн төлөө биеэ дайчлах,  бусадтай хамтрах,  хүчээ нэгтгэх, захирах, захирагдах  ухамсар, сэтгэлгээтэй болсон явдал байсан гэж судлаачид нэгэн дуугаар баталдаг байна.   Чухамхүү энэ утгаар нь хүн төрөлхтний түүх бүхэлдээ хувь хүний хийгээд, нийтийн  менежментийн сэтгэлгээний хөгжилтэй салшгүй холбоотой гэсэн  нэгэн оюун дүгнэлтэд өөрийн эрхгүй хүрч очдог билээ.

Хэрвээ менежментийн сэтгэлгээний  хувьслыг  хүн төрөлхтний хөгжлийн түүхийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзвэл баримт түшиж дор хаяж хүний хөгжлийн хэдэн чухал үеийн тухай товч  боловч дурдах хэрэгтэй болно.

Египтийн пирамид, Хятадын цагаан хэрэм зэрэг байгууламжуудаас аваад   тэнгис далай, сансар огторгүйн гүнийг  эзэмших,  атом цөмийн эрчим хүчийг нээж хиймэл оюун ухаан, дижитал ертөнцийг бүтээх хүртэлх     гайхамшгийг  хүн төрөлхтөн  зөвхөн бусдаас эртэй бяртайдаа биш, харин ухаантай, илүү  аргатайдаа, түүний дотор менежментийн асар их мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулсны ачаар л цогцлуулж чадсан гэдэг нь ойлгомжтой.

Хятадын гүн ухаанч, цэргийн жанжин  Сан Тзугийн “Байлдах урлаг” гэдэг ном өнөө үед зөвхөн цэрэг дайны төдийгүй, хүмүүсийг удирдах, стратеги, тактикийг зүй зохистой боловсруулж хэрэгжүүлэх чухал санааг агуулсан гарын авлагад тоооцогдон одоо цагт ч ач холбогдлоо алдалгүй дэлхийн хамгийн гүйлгээтэй номын тоонд багтсаар байна.

Эртний Грекийн их сэтгэгч Сократ, Платон, Аристотль нар өөрсдийнхөө бүтээлд хөдөлмөрийн хуваарь хоршилт, төрийн  захиргаа, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ёс зүйн асуудалд багагүй анхаарал тавьж байсан нь өнөөгийн менежментийн  философи сэтгэлгээний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Хүний хөгжил, түүний менежментийн сэтгэлгээний хувьслын  тухай  энэ мэт олон чухал түүхэн үе, баримтыг дурдаж болохч сүүлийн 500 гаруй жилд үсрэнгүй амжилтанд хүрсэн  шинжлэх ухааны хөгжил,  түүний шууд нөлөөгөөр үүсэн бий болсон аж үйлдвэрийн хувьсгал  уг үйл явцыг үндсээр нь өөрчилсөн гэдгийг энд зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй.

Тэдгээрийн дотроос Шотландын  эдийн засагч, философич Адам Смит /1723-1790/, үл гүйцэлдэх социализмын гол төлөөлөгч  Роберт Оуэн нарыг онцлох нь зүйтэй.

А. Смит Ёс суртахууны мэдрэмжийн онол/1759/, Үндэстний баялаг /1776 / зэрэг бүтээлдээ нийгмийн баялагын тэнцвэр нь үндэсний эдийн засгийн хөгжил хөдөлгөөнийг зохицуулагч “үл үзэгдэгч гар” болохыг тогтоосон байна. Үүний учраас нийгмийн хөдөлмөрийн хуваарь үүсч, байгууллагын түвшинд хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагааг зохистой зохион байгуулахаас нийт үр ашиг  шууд шалтгаалдаг хэмээн үзсэн нь өнөөгийн эдийн засгийн онолын суурь үзэл баримтлал болон төлөвшжээ.

Роберт Оуэн-ий хувьд бага балчираасаа наймаа арилжаа  хийж өөрийн авьяас чадвар, хөдөлмөрийн үрээр хөрөнгө чинээтэй болон улмаар хувийн нэхмэлийн үйлдвэрийн эзэн, нийгмийн томоохон зүтгэлтэн  болон туулахдаа хүмүүсийн хамтын хөдөлмөрийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар асар их туршлага, мэдлэгийг хуримтлуулахын хамт “аливаа бизнесийн зорилго бол зөвхөн ашиг олоход биш харин хүмүүсийн өмнө тулгарч байгаа нийгмийн сорилт бэрхшээлийг даван туулахад чиглэгдэх ёстой” гэсэн үзлийг боловсруулж 1813 онд  “Нийгмийн тухай шинэ үзэл буюу Хүний шинж төрхийн төлөвшлийн зарчмуудын талаарх бодол эрэгцүүлэл” хэмээх өгүүлэлдээ анх дэвшүүлэн тавьсан түүхтэй.

Түүхэнд аж үйлдвэрийн хувьсгалын үеээс менежментийн асуудалд шинжлэх ухааны  байр суурьнаас хандаж, хэмжилт,  сорил,  туршилт  хийх замаар оновчтой санал дүгнэлт зөвлөмж боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэснээр менежмент гэдгийг  хэн нэгний мэргэн санаа,  хувийн ур чадвар, ам дамжин яригдах үлгэр домог мэт үздэг байдал үндсээрээ өөрчлөгдөж, харин түүнийг зохих үндэслэлтэйгээр судалж тогтоох, сургаж хэвшүүлж болох  үйлдэл, үйл ажиллагаа, арга туршлага гэж  үзэх хандлага давамгаайлах болсон байна. Гол төлөөлөгчдийн тоонд шинжлэх ухаанч менежментийн эцэг гэгдэх Ф. Тейлор, захиргааны онолыг үндэслэгч Х. Файоль, бюрократ тогтолцооны үндсийг тавигч нийгэм судлаач  М. Вебер нар ордог.

Менежментийн ном сурах бичигт үздэгчлэн тэдгээрийн сургааль  номлолыг менежментийн сонгодог онол гэж нэрлэх нь бий. Сонгодог онолыг үндэслэгчид  менежментийг үйл явц, үзэгдэл болох  талаас нь голчлон судлаад харин түүний хүмүүнлэгийн талыг орхигдуулсан  буюу бага анхаарсан гэж үздэг. Энэ ч үүднээс сонгодог онолын үлдээсэн орон зайг нөхөж, түүнийг илүү  төгс төгөлдөр болгоход чиглэсэн онолын олон урсгал чиглэл гарч эхэлсэн. Тэдгээрийн  дотроос   менежментийн сэтгэл зүй, хүний харилцааны онол зэргийг онцлон дурдаж болно.

Америкийн нийгмийн сэтгэл зүйч, судлаач Д.Макгрегор-н “Үйлдвэрийн газрын хүмүүнлэг тал” (Human side of enterprise) бүтээлд менежментийн сонгодог хандлагын сул талыг хурцаар шүүмжилж тэдний номлолыг X онол хэмээн нэрийджээ.

Мкгрегор өөрийн боловсруулсан Y онолоо менежментийн хүсүүштэй загвар гэж нэрлэж байсан ч  тун удалгүй эдгээр хоёр загварын аль нь ч бодит амьдралд дангаараа байж таарахгүй, тийм болохоор холимог буюу Z загвар хэрэгтэй хэмээн номлогч Калифорны их сургуулийн профессор Уилъям Оүчи нарын онол менежментийн хүрээнд багагүй чимээ шуугиан тарьсан юм.

Саяхныг хүртэл менежментийн хүрээнд хуримтлагдсан мэдлэг хүмүүсийг зөвхөн ажиллах хүч гэдэг талаас нь харж байлаа гэвч ХХ зууны дунд үеэс байгууллага, компани, корпорацийн үйл ажиллагааг илүү цогц, иж бүрэн байдлаар авч үзэх, түүнд удирдагч болон ажиллагчдын гүйцэтгэх үүргийг шинээр тодорхойлох шаардлага бий болов. Менежментийн энэхүү орчин үеийн хандлагыг үндэслэгч нь Америкийн судлаач Питр Дракер юм.

60-д оны дунд үеэс “Зорилгоор удирдах” гэх менежментийн шинэ чиглэлийг анх тунхаглаж, түүнийг шинэ зууны менежментийн эцэг хэмээн нэрлэсэн. Түүнийхээр өнгөрсөн зууны турш аливаа  компани хүнийг анх авахдаа түүнд зүгээр л  ажиллах хүч гэдэг утгаар нь хандаж ирсэнээс биш мэдлэг үйлдвэрлэгч, мэдлэг бүтээгч, мэдлэг дамжуулагч  гэдэг  талаас нь  туйлын бага  анхаардаг байсанд гол хамаг асуудал оршино. 

Түүний  судалгааны өөр нэг чухал чиглэл нь хувь хүн, түүний дотор менежер хүн өөрөө өөрийгөө хэрхэн удирдах тухай асуудал юм. Энэ тухай  түүний онол,  үзэл санаа  Management Challenges for 21st Century, Managing Oneself зэрэг бүтээлд маш тодорхой гарсан  юм. Тэдгээрээс дор  зөвхөн заримыг нь ишлэн дурдая.

П.Дракерийнхаар хүмүүс өөрийгөө хэн болохыг зөв таньж мэдэхийн тулд хэдэн гол асуултад хариулж чадсан байх ёстой. Энэ тухай түүний юу гэж өгүүлснийг дор сийрүүлье.

  1. Миний давуу тал юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ихэнхдээ хүмүүс өөрсдийгөө юунд сайн бэ гэдгээ мэддэг гэж боддог боловч харин тэд юунд муугаа л илүү мэддэг гэмтэй.
  2. Би ажлаа хэрхэн хийдэг вэ? П.Дракер: Гайхалтай нь цөөхөн хүн л эрхэлсэн ажлаа хэрхэн хийхээ мэддэг. Мэдээжийн хэрэг хүмүүс ажлыг өөр өөрөөр гүйцэтгэнэ. Олон хүн өөртөө таарсан хэлбэрээр ажлаа хийж чаддаггүйгээс амжилтанд хүрдэггүй. Хүн хүний ажил хийх арга, ямар зүйлд сайн, эсвэл тааруу байх нь тэр хүний төрөлх шинжүүдтэй шууд холбоотой.
  3. Би хэрхэн сурч боловсрох вэ? Түүний онцолсон бас нэг чухал асуулт бол “Би шийдвэр гаргагч уу, эсвэл зөвлөгч үү?” гэдгээ ялган салгахад оршино. Түүнийхээр бол ихэнх нь дарамтанд шийдвэр гаргахаас зайлсхийж сайн зөвлөгч болдог. Харин зарим хүнд чадварлаг зөвлөгч шаардлагатай байх бөгөөд чухал үед зоригтой шийдвэр гаргахдаа тэднийхээ зөвлөгөөг авдаг байх жишээтэй гэж тэрээр тэмдэглэжээ.
  4. “Би хаана илүүтэй таарч тохирох бол?” гэдэг асуулт гэж тэрээр нэмж хэлээд: “Миний давуу тал юу вэ? Би юунд илүү сайн бэ?” гэдгээ мэдсэний дараа, мөн эдгээр асуултын чухлыг ойлгож зөв хариулж чадсан хүн л өөрт ногдсон ажил, боломж болон саналд “би үүнийг хийж чадна, би энэ ажлыг 100% хийж чадна” гэж хэлэх эрхтэй болно гэсэн юм.

Амжилтыг төлөвлөдөггүй, харин авчирдаг гэдгийг санаж яв. Яагаад гэвэл хүн өөрийнхөө давуу тал, ажиллах арга барил, үнэлэмжээ хөгжүүлж чадсанаар амжилтад алхам алхмаар дөхөж очдог. Өөрийгөө ямар ажил хийвэл амжилтанд хүрнэ гэдгээ мэдсэн жирийн ажилтан ч онь нь таарвал гайхалтай сайн ажилтан болох өндөр магадлалтай. Энэ бол П.Дракерийн санаа.

Ингээд бид нэг л мэдэхэд өөрийн эрхгүй шинэ зууны менежментийн үндсэн асуудлууд руу шууд яваад орчихлоо. Өөрөөр хэлбэл 21- р зууны менежментийн хамгийн гол асуудал бол хувь хүний хөгжил, мэдлэгийн менежмент, товчдоо өөрийн менежмент гэж хэлж болно. Энэ тухай үргэлжлэлийг бид дараагийн удаа вебсайтдаа нийтлэн тавих болно. Та бүхэн санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу.

Энэхүү нийтлэлийг 2017.11.30-д Профессор Д. Цэрэндорж-н тависан МЕНЕЖМЕНТИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ, МОНГОЛ ӨВ СОЁЛ лекцээс сийрүүлэн эxний xэсэг болгон тавив.

Сэтгэгдэл үлдээх