Нийтэлсэн өдөр: 19/11/2020 Нийтэлсэн: Bishrel Ts Comments: 0

Сайн байна уу! Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд өнөөгийн цар тахлын үед баг хамт олноо хэрхэн зайнаас хийж бүтээх урам зоригийг нэмэгдүүлэх буюу мотивацижуулах талаар танилцуулж байна. Энэхүү нийтлэлийг Линдсей МкГрегор болон Нийл Доши нарын “Primed to Perform” номын агууллагад  үндэслэн бичив.

Судлаачид ажиллагчдын урам зоригийг хэмжиж үзэхэд гэрээсээ ажиллаж буй хүмүүсийн ажиллах хүсэл эрмэлзэл хамгийн бага байгааг олж харсан байна. Гэвч энэ хямралын нөхцөлд ч гэсэн менежерүүд багийнхаа бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх үр дүнтэй арга байдаг болохыг ойлгох нь чухал юм: Энэ бол аливаа ажилыг өөр арга замаар хийх, шинэ сорилт туршилт явуулахыг бүх талаар дэмжихэд оршино. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн гол нь удирдах ажилтнууд өдөр тутмын ажилд төвлөрсөн арга барилаа өөрчилж, долоо хоногийн ажлын тодорхой хэсгийг шинэ нөхцөлд дасан зохицох, гүйцэтгэлд төвлөрсөн сорилт туршилт хийх, асуудал шийдвэрлэхэд зориулах шаардлагатай юм.

Өнөөг хүртэл удирдах ажилтнууд багаа зайнаас удирдахад тохиолддог эхний бэрхшээлийг даван туулж, тэдэнтэй хэрилцах технологийг олж мэдэн  видео хурал зэргийг зохион байгуулах чадвартай болсон. Гэхдээ энэ бол зайнаас ажиллах орчныг бүрдүүлэх анхны алхам төдий юм. 

Бидний дараагийн асуулт бол: Яахын аргагүй гэрээсээ ажиллах шаардлагатай болсон өнөө үед хүмүүсээ хэрхэн идэвхжүүлэн зоригжуулах вэ? гэдэгт оршино.

Ковид-19 гэх мэт хямралын үед хүмүүс ихэвчлэн шинэ асуудлуудыг шийдвэрлэхэд биш харин тактикийн ажилд илүү их анхаарал хандуулж байгаа нь ажиглагджээ.

Гэвч зарим багууд бэрхшээлийг үл харгалзан зах зээлд байр суураа нэмэгдүүлэн, үйлчлүүлэгчдийн итгэл хүндэтгэлийг олоход анхаарч шинэ нөхцөлд дасан зохицож чаддаг болохыг судалгаа харуулсан байна.

Дасан зохицохын хамгийн анхны алхам бол гэрээсээ ажиллах нь мотивацийг бууруулж болзошгүйг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд оршино.

2010-2015 оны хооронд Харвардын Бизнесийн тойм сэтгүүл дэлхийн 20,000 гаруй ажилчдаас санал асуулга авч, 50 гаруй томоохон компанийг хамруулан хүмүүсийн ажлын идэвхи санаачилгад юу нөлөөлж байгааг, тэр дундаа гэрээр ажиллах нь хэр их нөлөөтэйг олж тогтоох олон тооны туршилт явуулсан байдаг.

Энэхүү судалгааны дүнгээс үзэхэд гэрээсээ ажиллаж байсан хүмүүсийн идэвхи  оффист ажиллагчдаас бага байв. 

Мөн түүнчлэн ажилгүйдэл, төлбөрийн асуудал, эрүүл мэнд, аюулгүй байдал  зэрэг сэтгэл санааны болон эдийн засгийн дарамт нь хүмүүсийн мотивацид нөлөөлдөг байна.

Энэ нөхцөлд ажлын гүйцэтгэл буурахад дараах 3-н хүчин зүйлс нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

1. Бүгд нэг дор ажиллах үед шийдвэр гаргахад амар хялбар байхаас гадна асуудлыг шийдсэн баяр баяслаа хуваалцах боломж илүү байдаг. Тэгвэл зайнаас ажиллахад энэ байдал өөрчлөгдөж хүмүүсийн идэвхид сөрөг нөлөө үзүүлдэг байна.

2. Оффисын ажилчид өөрсдийн бүтээсэн зүйлийн үр дүнг үйлчлүүлэгчид болон хамт олон дээрээ шууд олж харах боломжтой байдаг бол зайнаас ажиллахад тэрхүү боломж алдагддаг. 

3. Бие биенээсээ суралцах, хамтдаа хөгжих нөхцөл хумигддаг.

Цар тахлын нөхцөлд ч бизнесийн удирдлагууд эдгээр дутагдал бэрхшээлийг даван туулахгүй бол хүмүүсийн дасан зохицох, хийж бүтээх чадвар, ажлын чанар буурахад хүрнэ.

Үүний эсрэг бизнесийн удирдагууд юу хийж чадах вэ?

Хөрөнгө оруулалтын шинжээчдээс “Карьерынхаа ажил хийх мотиваци хамгийн өндөр байсан цаг мөчийг хэзээ вэ?” гэж асуухад санхүүгийн хямралын үед өдөрт 18 цаг ажилдаг байсан үе гэж хэлэх нэгэн цөөнгүй. 

Мөн дайнд оролцсон цэргийн ахмад дайчид ч гэсэн эгзэгтэй мөчүүдэд тэрхүү сэдэл хамгийн их байсан тухай өгүүлдэг.

Өнөөдөр үүнтэй нэгэн адил олон хүн гэртээ суухаасаа илүүтэй сайн дураар олон шинэ зүйл зохион байгуулж байгааг дэлхий даяар харж байна. Фитнессийн багш нар хичээлээ онлайнаар дамжуулж байна. Эрдэмтэн судлаачид оюутнуудтайгаа виртуал анги, семинар ажиллуулж байна.

Үүнтэй нэгэн адил бизнесийн салбарт ч тохиолдож буй бэрхшээлийг даван туулах сэдлийг бий болгох боломж бий.

Хамгийн гол нь хатуу тогтсон үйл явц, дүрэм журмыг баримтлахаас татгалзаж ажлыг хийж гүйцэлдүүлэх өөр ямар арга хэлбэр байж болохыг сорин турших, олж тогтоох хэрэгтэй. Тогтсон дүрэм журам, удирдамж нь хүмүүсийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг хэдий ч хэт их байх нь хийж бүтээх сэдлийг бууралах сул талтай. Ийм тохиолдолд хүмүүс асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэхээ зогсоож, хийх ажлаа хязгаарладаг.

Хүмүүсийг ажиллах сонирхолтой болгох хамгийн хүчирхэг арга бол тэдэнд асуудлыг өөрсдөөр нь туршуулан шийдвэрлэх боломжийг олгох явдал юм. Тэдгээр асуудлууд нь байгууллага бүрт адилгүй бөгөөд олж тогтооход амаргүй ч байж мэднэ. Үүнийг танихын тулд ажиллагчдасаа асуу: Бид үйлчлүүлэгчиддээ аль салбарт гайхалтай үйлчилгээг хүргэх боломжтой вэ? Манай баг тулгараад байгаа асуудлуудаас алийг шийдэж чадах вэ? Айдас түгшүүртэй байсан ч өсөлтийг юу өдөөж чадах вэ? Яагаад эдгээр асуудал бидний ажилд чухал бөгөөд үнэ цэнэтэй, сонирхолтой вэ? зэрэг болно.

Ингэхэд, өнгөрсөн саруудад дэлхий дахинд хүнд нөхцөл байдал тулгарсан ч олон байгууллага асар их үр бүтээмжтэй ажиллаж чаджээ. Тэдгээрийн нууц юунд байна вэ?

Тэрхүү амжилтанд хүргэсэн гол зүйл бол тэд зөвхөн гүйцэтгэх захирлын зөвшөөрөл, шаардлагатай хөтөлбөр, арга барилд баригддаггүйд оршино. Харин багийнхаа бүх гишүүдэд байгууллагад тулгамдаж байгаа бэрхшээлиийг даван туулахад хүн бүр хувь нэмэр оруулж, тусалж чадна гэсэн итгэл найдварыг төрүүлж чадсан явдал юм. 

Энэ бүхэн онолын хувьд цаасан дээр гайхалтай сонсогдож магадгүй, гэхдээ ач холбогдол бүхий асуудлыг шинэ арга барил ашиглан шийдвэрлэхийг дэмжих нь хүмүүсийн хийж бүтээх сэдлийг нэмэгдүүлдэг гэдэг нь судалгаагаар батлагджээ.

Ковид-19-тэй тулгараад буй өнөөгийн бэрхшээлийг харгалзан алсаас ажиллаж буй багуудад өгөх энгийн зөвлөмжүүд

Нэгдүгээрт, ажилчиддаа юуг хамгийн их эрхэмлэдэг вэ гэдгийн таниулах дохио бол таны хэмжиж буй зүйл буюу “metric” юм. Хэрэв та ажлын мотивацид санаа тавьдаг гэдгээ харуулахыг хүсвэл онлайн судалгааны хэрэгслүүдийг ашиглаж хэмжилтийг хийж болно. Дараа нь тэдэнтэй ажлын мотивацид юу нөлөөлж байгааг болон ирэх долоо хоногуудад мотивацийг их байлгахад юу тустай болох талаар нэг бүрчлэн ярилц.

Жишээлбэл та дараах асуултыг тавьж болох юм: Одоогийн нөхцөл байдал танд хэрхэн нөлөөлж байна вэ? Өнөөгийн орчинд өөрийгөө хэрхэн өдөөж, ажлыг сонирхолтой зорилготой болгох талаар хүмүүст ямар зөвлөмж өгөх вэ? Ингэхдээ энэ цаг бол хүн бүр бодсоноо чөлөөтэй ярих болон сонсох аюулгүй орчин гэдгийг ойлгуулах нь чухал.

Хоёрдугаарт, долоо хоногийхоо талыг л үндсэн уламжлалт аргаараа хий. Үүнд хэрэгжүүлэх шаардлагатай төлөвлөгөө, хариулах ёстой асуултууд, дагаж мөрдөх шат дамжлаганууд гэх мэтийн зүйлс орно. Харин үлдсэн хагасыг нь дасан зохицох гүйцэтгэлд төвлөрч, заавал дагаж мөрдөх албагүй ажлын арга барил, сорилт туршилт, асуудал шийдвэрлэх загвараар ажилаа хийхэд төвлөрүүл.

Зайнаас ажиллаж буй багуудын ажиллах хэмнэл:

Даваа гараг: Доорх асуултанд хариулах гүйцэтгэлийн тухай уулзалт хийх.

1. Өнгөрсөн долоо хоногт бид ямар зүйл бүтээж, юу сурч мэдсэн бэ?
2. Энэ долоо хоногт бид ямар үүрэг амлалт авсан бэ? Хэн юуг хийж гүйцэтгэх вэ?
3. Энэ долоо хоногийн ажлыг амжуулахын тулд бид бие биендээ хэрхэн туслах вэ?
4. Энэ долоо хоногт гүйцэтгэлийг сайжруулахын тулд ямар чиглэлээр туршилт хийх ёстой вэ?
5. Бид ямар өөр төрлийн арга барил ашиглан ажлыг бүтээж болох вэ?

Мягмар-Пүрэв гараг: Багийнхаа гишүүдтэй дор хаяж нэг удаа ганцаарчилан ярилцах. Тухайн ажилтанд тохиолдсон ямарваа бэрхшээлийг даван туулахад нь яаж туслахад анхаарлаа төвлөрүүлэх. 

Баасан гараг: Өөрийгөө дүгнэх цэгнэх тал дээр анхаарлаа төвлөрүүлэх. Тухайн долоо хоногт шинээр хэрэгжүүлсэн арга барилын талаархи мэдээллийг цуглуулж бусаддаа танилцуулах. Бие биенийхээ хүсэл эрмэлзэл, ажлын ахиц дэвшил, хүмүүсийн сэтгэл санаа ямар байгааг болон аль үед тэдэнд ажлын мотиваци ихэссэн эсвэл буурсныг тэндээс мэдэж болно.

2008 онд тохиосон дэлхийн санхүүгийн хямралын үед багууд шинэ арга барилыг эрмэлзэн туршилт хийн дасан зохицож чадсан олон сайн туршилгыг бид мэдэх билээ. Түүнтэй нэгэн адил энэхүү ажлын шинэ хэв маягыг багууддаа нэвтрүүлснээр та бүхэн урдаа тависан  амжилтанд хүрч, илүү ихийг хийж бүтээж чадна гэдэгт бид итгэж байна.

Та болон танай багт амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх